2012/11/06

Надад итгэ

Санаандгүй явж байгаад найзынхаа юмнаас ийм шүлэг оллоо. Зохиолчийг нь мэдэхгүй болохоор тэр энэ гэж бичсэнгүй, зохион хүн нь уншвал өршөөгөөрэй…хэхэ Энэ шүлэг надад маш их таалагдсан юм. танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уншаад сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.
Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна
Үргэлж би чиний хажууд байж чадахгүй ч
Үүрд би чамайг сэтгэлдээ хайрлаж чадна
Дандаа би чамтай хамт байж чадахгүй ч
Дассан зүрх минь чамаас холдохгүй
Хавар болж усны шувууд ирдэг жамтай
Хайртыгаа бодсоор нэг л өдөр и ирнээ
Надад итгэж болно би чам дээр заавал очно
Насан туршдаа ганцхан чамайг л хайрлах болно.

Ц.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай